ДЭГД ТӨРЛИЙН УРГАМЛААР ЭМЧЛЭХҮЙ
Ургамлын анагаан эдгээх онцлог шинж чанар, түүнийг ашиглах арга ухаан, мэдлэг, ур чадварын талаарх үеэс үед өвлөгдөн уламжлагдсан хэрэглээнээс бий болсон уламжлалт мэдлэг нь орчин үед шинэ бүтээгдэхүүн, шинжлэх ухааны шинэ нээлтүүдийг гаргах үндэс суурь болсоор байна. Энэхүү уламжлалт мэдлэгийн нэг хэсэг нь Дэгд төрлийн ургамлын уламжлалт хэрэглээ юм. Дэлхийд Дэгдийн овгийн 83 төрөлд хамаарах 1050 орчим зүйл өвслөг олон наст ургамал сэрүүн болон хүйтэн бүсийн нутгаар тархжээ. Монгол оронд 9 төрлийн 32 зүйл ургамал ургадаг болохыг тэмдэглэсэн байдаг (Губанов, 1996). Монгол орны ургамлын аймагт 22 зүйл Дэгд бүртгэгдсэнээс 12 зүйл ургамлыг уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг ба тэдгээрээс 2 зүйл нэн ховор (Gentiana macrophylla, G. pulmonaria), 3 зүйл ховор (Gentiana algida, G. barbata, G. riparia) ургамлын жагсаалтад ордог (У. Лигаа, 2015).
Том навчит дэгд (Gentiana macrophylla Pall.)
Адилцаа нэр: Хүрэн дэгд, Үхэр дэгд, Модны таван салаа
Статус: нэн ховор
Уламжлалт хэрэглээ: Хоолны шингэц муудах, ходоод гэдэс хямарч халуурахад үндсийг,
халуун бууруулах, өвчин намдааах, цөс хөөх, цагаан мөгөөрсөн хоолой, төвөнхийн
үрэвсэлд навч, цэцгийг дангаар буюу эмийн жоронд оруулан хэрэглэнэ.
Жор, найрлаганд орох давтамж: Монгол-төвд ухааны эмнэлгийн эмийн 86 жоронд, жорын найрлаганд орох давтамжаар 72-рт, монгол орны эмийн найрлаганд орох давтамжаар 23-рт жагссан.
Цагаан дэгд (Gentiana algida Pall.)Цагаан дэгд (Gentiana algida Pall.)
Адилцаа буюу ардын нэр: Шар дэгд, Өлчир дэгд,
Сэрүүсэг дэгд, Хүйтний дэгд, Банжангарав.
Статус: ховор
Уламжлалт хэрэглээ: Амьсгалын замын өвчний үед ханиалга дарах, дуу хоолой сөөнгөтөх,
уушгинд цэр элбэгших, амьсгаадах, хоолонд хордох, хоронд хордох зэрэг бүх
төрлийн хордлого тайлахад навч, цэцгийг дангаар буюу эмийн жоронд оруулан
хэрэглэнэ.
Жор, найрлаганд орох давтамж: Монгол-төвд ухааны эмнэлгийн эмийн 76 жоронд, жорын найрлаганд орох давтамжаар 78-рт, монгол орны эмийн найрлаганд орох давтамжаар 26-рт жагссан.
Сормууст дэгдхэй (Gentianopsis barbata (Froel.) Ma
Адилцаа нэр: Төмөр дигд
Статус: ховор
Уламжлалт хэрэглээ: Элэгний эд, эсийн үйл ажиллагааг сайжруулах, элэгний хордлогоос сэргийлэх,
хордлого тайлах, цөсний ялгарал ба хүчиллэг багасах өвчний үед хандалж
хэрэглэнэ.
Жор, найрлаганд орох давтамж: Монгол-төвд ухааны эмнэлгийн эмийн 263 жоронд, жорын найрлаганд орох давтамжаар 20-рт, монгол орны эмийн найрлаганд орох давтамжаар 4-рт жагссан.
Хэвтээ дэгд (Gentiana decumbens L.F)
Адилцаа нэр: Хөх дэгд, Үхэр дэгд, Төмөр дэгд
Статус: элбэг
Уламжлалт хэрэглээ: Элэг цөс болон халдварт өвчний үед халуун бууруулах, мэдрэлийн
ядаргаа, ходоодны архаг үрэвсэл, цөсний үрэвсэл, үе мөчний өвдөлт намдаахад
цэцэг, навчийг хандалж хэрэглэхээс гадна үс арчилгаанд угааж, шавшиж хэрэглэнэ.
Жор, найрлаганд орох
давтамж: Монгол орны эмийн найрлаганд орох
давтамжаар 25 -рт жагссан.
Ишлэл
Болдсайхан Д., Нансалмаа Х., Цэмбэл Д. 1993. Уламжлалт
эмнэлгийн 4000 жоронд эмт бодисын давтамжийг цахим тоолуураар тодорхойлсон дүн
/ШУА-ийн Мэдээ №4.29.
Губанов И.А. 1996. Конспект флоры Внешней Монголии. М: Валанг.
Лигаа
У. 2015. Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй. УБ. Бемби сан. 163-164.
“Монголын тэгш өндөрлөг дэх чухал эмийн ургамлын нөөцийн
үнэлгээ, тогтвортой хөгжил: Дэгд /Gentiana L./-ийн төрлийн зарим зүйл ургамлын
жишээн дээр” сэдэвт Монгол-Хятадын хамтарсан төслийн тайлан, 2023