Монгол улсын төрийн
соёрхолт математикч, академич Тугалын Жанлавын 80 насны ойд зориулан зохион
байгуулж байгаа “Тооцон бодох ба хэрэглээний математик” сэдэвт олон улсын эрдэм
шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү хурлыг
ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, Монголын
математикийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан бөгөөд хуралд Франц, Герман,
Австри, Канад, Орос, Хятад, Япон, Солонгос зэрэг 15 орны 100 гаруй эрдэмтэн
судлаачид оролцсон байна. Хуралд аман хэлбэрээр 39 илтгэл, ханын илтгэл 24
хэлэлцүүлсэн байна.
Хурлаар ердийн ба
тухайн уламжлалт дифференциал тэгшитгэл бодох төгсгөлөг ялгаврын ба төгсгөлөг
элементийн аргууд, тэдгээрийн хэрэглээний тухай, шугаман биш тэгшитгэл бодох
өндөр эрэмбийн итерацийн аргууд байгуулах тухай, Диракийн тэгшитгэл бодох
минимакс аргын тухай, тоглоомын онолын тухай, зах зээлийн эдийн засаг дахь
компаниудын өрсөлдөөний математик загварын тухай, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон
нийлүүлэлтийн математик загварын тухай, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний
математик загварын тухай зэрэг онолын болон хэрэглээний өргөн сэдвүүдийг
хамарсан хүрээнд илтгэлүүдийг 2 өдрийн турш хэлэлцсэн байна.
Энэхүү хурлын зарим
сонгогдсон илтгэлүүд Journal of Mathematical Sciences (Scopus indexed), Discrete and Continuous Models
and Applied Computational Science (Scopus indexed), Journal of Institute of
Mathematics and Digital Technology (Dimensions indexed) зэрэг сэтгүүлүүдэд өгүүлэл болон
хэвлэгдэх юм.
Академич Т.Жанлав нь 2006 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож академич хэргэм хүртсэн бөгөөд 2012 онд нөхдийн хамт Монгол улсын төрийн соёрхолт хүртсэн юм. Тэр бээр сплайн функц болон шугаман бус тэгшитгэл бодох өндөр эрэмбийн итерацийн арга боловсруулах чиглэлээр мэргэшсэн манай улсын тэргүүлэх эрдэмтэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн математикч билээ.
Академич Т.Жанлав нь манай улсад тооцон бодох математикийн шавь сургууль үүсгэн байгуулж олон тооны судлаачдыг бэлтгэн гаргасан бөгөөд 20 гаруй ном, сурах бичиг, нэг сэдэвт бүтээл туурвиж, 150 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж өндөр чансаатай (импакт фактор бүхий) олон улсын болон дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нь бусад судлаачдаас өндөр үнэлгээ авч 500 гаруй удаа эшлэгдсэн байна.
















.jpg?w=1200)
.jpg?w=1200)