Товч танилцуулга:
Дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст өргөн тархсан Шүхэртэн (Apiaceae) овог нь Монгол орны
ургамлын аймгийн томоохон овгуудын нэгт зүй ёсоор тооцогдоно. Гэсэн хэдий ч Монгол орны
Apiaceae овгийн ургамлын олон янз байдал, тэдгээрийн ховордлын статус, хамгааллын төлөв
байдал, төрөл зүйлүүдийн тархалтын талаарх дагнасан судалгаа бага хийгдсэн байв. Иймд энэхүү
өгүүлэлд дээрх судалгааны хүрээнд дараах хоёр үндсэн зорилтыг агуулсан болно. Үүнд:
(1) Монгол орны Apiaceae овгийн ургамлын төрөл, зүйлүүдийг Дэлхийн Байгаль Хамгаалах
Холбоо (ДБХХ)-ны Улаан данс (IUCN Red List)-ны В шалгуурын дагуу үндэсний хэмжээнд бүс
нутгийн үнэлгээг нийт зүйл ургамалд хийх;
(2) Монгол орны Apiaceae овгийн ургамлын олон янз байдал, тархалтын зүй тогтол, зүйлийн
баялгийг үнэлэх;
Бид Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо (ДБХХ)-ны Улаан данс (IUCN Red List)-ны В
шалгуурын дагуу үндэсний хэмжээнд бүс нутгийн үнэлгээг ConR багц программыг ашиглан Монгол
орны Apiaceae овгийн нийт зүйлд тархалтын тохиолдоцын дэлгэрэнгүй бүртгэлийг үүсгэн түүнд дүн
шинжилгээ хийсний дүнд нийт 27 зүйл ургамал ховордлын зэрэглэлд багтсаныг илрүүлсэн бөгөөд
үүнээс 4 зүйл нь Устаж байгаа (CR), 9 зүйл нь Устаж болзошгүй (EN), 14 зүйл нь Эмзэг (VU)
зэрэглэлд үнэлсэн. Харин ховордлын бус зэрэглэлд тус овгийн нийт 39 зүйл багтсанаас 2 зүйл нь
Ховордож болзошгүй (NT), 37 зүйл нь Анхааралд өртөхөөргүй (LC) зэрэглэлд тус тус үнэлэгдэв.
Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрт тархсан Apiaceae овгийн нийт 66 зүйлийн ургамлын
цэгэн тархалтыг iNext багц программыг ашиглан бүх тохиолдоцын бүртгэлийг гаргаж, түүнд
үндэслэн нарийвчилсан зургуудыг анх үйлдэж тус өгүүлэлд хавсаргалаа.
Мөн Монгол орны Apiaceae овгийн ургамлын зүйлүүдийн Шеннон, Симпсоны нарын олон
янз байдлын индексийг тооцоолж гаргасан.
Зүйлийн хэв маягийн дүн шинжилгээг хийж, тус овгийн зүйлийн баялаг, эндемизмийн
индекс, төлөв байдлыг Biodiverse v.4.1 программ ашиглан тооцоолов.
Монгол улсыг газарзүйн 715-н торонд хувааж, 0.5°×0.5° (ойролцоогоор 50×50 км2
-тай
тэнцэнэ) хэмжээс дээр Монгол оронд тархсан Apiaceae овгийн 66 зүйлийн нийт 3062
тохиолдоцуудыг оруулж зүйлийн баялгийг тодорхойлов. Үүнд: зүйлийн баялаг ихтэй 10-н тор (18-
29 зүйлтэй), зүйлийн баялаг дундаж 7-н тор (16-22 зүйлтэй), зүйлийн баялаг ядмаг 36-н тор (11-17
зүйлтэй) бүхий тархалтын нутаг дэвсгэрүүдийг ялган харуулсан.
Бид Дэлхийн Байгаль Хамгаалах Холбоо (ДБХХ)-ны Улаан данс (IUCN Red List)-ны В
шалгуурын дагуу үндэсний хэмжэнд бүс нутгийн үнэлгээгээр Устаж байгаа (CR), Устаж болзошгүй
(EN), Эмзэг (VU) гэх ховордлын зэрэглэлд үнэлэгдсэн зүйлүүдэд онцгой анхаарал хандуулж,
тэдгээрийн зүйлийн баялагт дүн шинжилгээг хийсэн болно. Үүний үр дүнд Монгол орны хэмжээнд
нийт 92 тор бүхий газар нутагт дор хаяж 1 зүйлд аюул заналхийлж байгааг тогтоов.
Монгол орны баруун бүсийн тусгай хамгаалалттай газруудад эмзэг зүйлүүд илүүтэй тархсан
ба тэдгээрийн хамгааллын талаарх бидний энэхүү судалгааны үр дүн нь ирээдүйд төрөл зүйлийн
хамгаалал, байгаль орчны судалгаа шинжилгээний суурь чухал мэдээлэл болох нь дамжиггүй юм.