Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Ахмад ажилтан, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Очирбат “Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” Цол тэмдгээр шагнагдлаа
Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн Цэцэрлэгт Хүрээлэнгийн Ахмад ажилтан, Биологийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Очирбат “Шинжлэх Ухааны Гавьяат Зүтгэлтэн” Цол тэмдгээр шагнагдлаа

ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Гэндэнгийн Очирбатыг боловсрол, шинжлэх ухааны хөгжил дэвшилд ялангуяа Монголын ургамлын нөөц судлалын шинжлэх ухаан, чацарганы аж ахуйг хөгжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан, Зөгийн аж ахуйн тэжээлийн баазыг судалж, зөгийн аж ахуйг хөгжүүлэх стратеги бодлогыг боловсруулах шинжлэх ухааны үндсийг тавьсан хийгээд зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд шинжлэх ухаан, үйлдвэрлэл, сургалтыг хослуулан ажилласан ажлын өгөөжийг үндэслэн Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цол тэмдгээр шагналаа.


 

Профессор Г.Очирбат шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн байгууллагыг хослуулан 50 гаруй жил ажиллахдаа Зөгийн станц 1, зөгийн ферм 5, зөгий үржлийн газар 1. Жимсний плантац 3-ыг  байгуулалцсан. Монголд зөгийн аж ахуй хөгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж, хэтийн төлөвийг тодорхойлж, үндсэн чиглэлийг бий болгосны зэрэгцээ Монгол орны байгалийн ургамлын нөөцөд шинэ чиглэл нээж олсон юм. Энэ чиглэл нь ургамлыг ашиглах чиглэлээр устгах биш харин зөгийгөөр тоос хүртээж ургацыг нэмэгдүүлэн арвижуулаад зогсохгүй огт ашигладаггүй ургамлаа хагдрахад хамт алга болдог тэр их нөөц болох ургамлын бал, цэцгийн тоосыг зөгийгөөр дамжуулан авч асар их орлого олох боломжийг судалгааныхаа үр дүнгээр олгосноороо томоохон гавьяатай эрдэмтэн судлаач юм. Тэрбээр 370 гаруй бүтээл хэвлүүлснээс нэг сэдэвт хамтын бүтээл, ном, товхимол 39, эрдэм шинжилгээний өгүүлэл гадаадад 45, дотоодод 84, хянан тохиолдуулсан, орчуулсан бүтээл 34, ургамалжлын зураг 3, зохиогчийн эрх, патент, ШБОС 27, стандарт 11, заавар, зөвлөмж 9, эрдэм шинжилгээний хялбаршуулсан өгүүлэл 44-ийг бичиж нийтлүүлсний зэрэгцээ зөгийн аж ахуйн талаар шинжлэх ухааны хялбаршуулсан кино 1-ийг бүтээлцсэн. Түүнчлэн өөрийн мэргэжлээр доктор 6, магистр 15, бакалаврын дипломын ажил 20–ыг удирдаж хамгаалуулсан ба Монгол зан уламжлалыг сэргээх, ургамлыг нутагшуулах тарималжуулах, ургамлын аймгийн олон хэлний толь боловсруулах олон талт ажлыг санаачлан олон арван оюутан залуусыг ажил амьдрал, эрдэм бүтээлийн замд хөтлөн оруулсан нэрт сурган хүмүүжүүлэгчийн нэг юм.
ХАА-г хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилтот программд “зөгийн аж ахуй” хэсгийг боловсруулах зэргээр үйлдвэрлэл, зохион байгуулалтын чанартай томоохон ажилд өөрийн эрдэм мэдлэгийг одоо ч тасралтгүй зориулсаар байна.

 

Шинжлэх ухааны доктор, профессор Г.Очирбат Танд  ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулагдсаны 50 жил, Монгол улсад жимс жимсгэний аж ахуй хөгжиж эхэлсний 70 жил,  Зөгийн аж ахуй үүсэж хөгжсөний 65 жилийн ойн түүхэн жилд “МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН” цолоор шагнагдсанд баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН БОТАНИКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ХАМТ ОЛОН

 

 

 

 


Бусад мэдээлэл