Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ОРНЫ ЗАРИМ УРГАМЛЫН УЛААН ДАНСНЫ ҮНЭЛГЭЭ БА ХАМГААЛЛЫН АРГА ХЭМЖЭЭ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“Монгол орны зарим ургамлын улаан дансны үнэлгээ ба хамгааллын арга хэмжээ” хэлэлцүүлэг амжилттай боллоо

   Биологийн олон янз байдлын конвенцийн талуудын 15-р хурал (CBD COP15)-аар батлагдсан Куньмин-Монреалийн төлөвлөгөөний 2030 он хүртэлх 23 зорилтыг Монгол улс хэрэгжүүлэх, Биологийн олон янз байдлыг хамгаалах 2025-2030 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж байгаа энэ үед “Монгол орны зарим ургамлын улаан дансны үнэлгээ ба хамгааллын арга хэмжээ” ээлжит хэлэлцүүлэг МУИС-ийн шинэ номын сангийн байрны 502 тоот өрөөнд болж өнгөрлөө.

   Уг хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн (ШУА, БЦХ), Монгол улсын их сургууль (МУИС), Монгол улсын боловсролын их сургууль (МУБИС) зэрэг байгууллагуудын 20 орчим эрдэмтэн судлаач, мэргэжилтэнгүүд оролцож, энэ удаа Монгол орны ургамлын улаан дансны 4 дэх цувралд хамрагдсан Монгол орны гуурст 1290 зүйл, хөвд 63 зүйл, замаг 24 зүйл, мөөг 29 зүйл, хаг 30 зүйл буюу нийт 1436 зүйл ургамлын бүс нутгийн үнэлгээ болон хамгааллын арга хэмжээний талаар авч хэлэлцсэн байна.

   2011-2020 онд хуучнаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг, Монголын шувуу судлалын нийгэмлэг зэрэг байгууллагын эрдэмтэн судлаач, мэргэжилтэнгүүд Монгол орны ургамлын төрөл зүйлүүдийг Дэлхийн байгаль хамгаалах холбооны улаан дансны шалгуураар үнэлж, 2012 онд “Монголын ургамлын улаан данс ба хамгааллын төлөвлөгөөны эмхэтгэл” нэгдүгээр цувралыг, 2019 онд “Монгол орны ургамлын улаан данс” хоёрдугаар цувралыг, 2020 онд ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын ангилалзүй, филогенетикийн лабораторийн гуурсгүй (доод) ургамал судлаачдын баг “Монгол орны гуурсгүй ургамлын улаан данс” гуравдугаар цувралыг бичиж гаргасан байна.

   Энэ удаа 2022-2023 онд хуучнаар БОАЖЯ-ны захиалгаар хийгдсэн Монгол орны ургамлын төрөл зүйлүүдийг ДБХХ-ны Улаан дансны шалгуураар үнэлсэн ажлуудыг нэгтгэн “Монгол орны ургамлын улаан данс” 4-р цувралыг ном болгон хэвлүүлэх байгаатай уялдуулан дээрх хэлэлцүүлэг хийгдлээ.

   Улаан дансны 4-р цувралын үнэлгээгээр Монгол орны нийт 1436 зүйл ургамлыг үнэлэхэд 21 зүйл (1.46%) бүс нутгийн хэмжээнд “Устаж байгаа” (CR); 59 зүйл (4.10%) “Устаж болзошгүй“ (EN); 141 зүйл (9.81%) “Эмзэг” (VU) буюу ховордлын зэрэглэлтэй (нийт 221 зүйл (15.37%)); мөн 181 зүйл (12.60%) “Ховордож болзошгүй” (NT); 791 зүйл (55.09%) “Анхааралд өртөхөөргүй” (LC); 230 зүйл (16.02%) “Мэдээлэл дутмаг“ (DD); 13 зүйл (0.92%) нь “Үнэлэх боломжгүй” (NA) гэх ховордлын бус зэрэглэлд тус тус багтсан байна.

   Үнэлэгдсэн зүйлүүдийн 39.3% нь амьдрах орчны алдагдал ба доройтол, 26.9% нь байгалийн гамшиг (ган гачиг, салхи шуурга гэх мэт), 18.6% нь орчны бохирдол, 9.1% нь дотоод хүчин зүйлс (тархалт хязгаарлагдмал, нягтшил бага, эзэмшил нутаг хумигдах), 3.5% нь хүний шууд нөлөө, 1.3% нь нөөц ашиглалт, 0.7 % нь зүйлийн динамик өөрчлөлт, 0.6% нь харь зүйлийн нөлөөгөөр ховордож байгааг тогтоожээ.

Бүс нутгийн улаан дансны үнэлгээний ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

  • Монголын гуурст болон гуурсгүй бүх ургамлын улаан дансны бүс нутгийн үнэлгээг хийх өргөн цар хүрээтэй ажлын үргэлжлэл болох
  • ДБХХ-ны Улаан дансны үнэлгээний дүнд ховордлын зэрэглэл болох “Устаж байгаа” болон “Устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн зүйлүүдийг Монгол орны “Нэн ховор”, харин “Эмзэг” зэрэглэлд багтсан зүйлүүдийг “Ховор” ургамлын жагсаалтад оруулахаар шинэчилсэн жагсаалтыг гаргасан явдал
  • Бодлого боловсруулагчид, байгаль хамгаалагчид төдийгүй манай орны ургамалд тулгараад буй асуудлуудад санаа сэтгэлээ чилээн буй хүн бүрт нэн ховор болон ховор ургамлын талаарх хамгийн шинэ бөгөөд үнэтэй баримт, мэдлэгийг олгох
  • Хүний нөлөөгөөр ургамлын амьдрах орчин доройтох, эмийн зориулалтаар хэт ашиглах зэргээр нэн ховор болон ховор ургамалд тулгараад буй аюул заналыг тодорхойлсноор бодит баримтад үндэслэсэн шийдвэр гаргах, хамгааллын нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах зэрэг болно.


Бусад мэдээлэл