Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТАРИМАЛ МӨӨГНИЙ ХӨГЖИЛ

Мөөгийг эрт цагаас хүнсний чухал бүтээгдэхүүн хэмээн үнэлж ирсэн нь тэдгээрийн тэжээллэг чанар болон эмчилгээний шинж чанартай холбоотой юм. Эртний Хятадад мөөг нь хүний биеийг тэнцвэржүүлж, эрүүл мэндийг дэмжин, залуу насыг уртасгадаг хэмээн үзэж, хүнс болон эмийн зориулалтаар хэрэглэдэг байжээ. Грекүүд мөөгийг дайчдын хүч тэнхээний эх үүсвэр гэж үздэг байсан бол, Египетчүүд мөөгийг бурхан Осирисийн бэлэг хэмээн шүтэж ирсэн. Ромчууд мөөгийг “бурхдын хоол” гэж нэрлэн, зөвхөн баярын үеэр зоогийн цэсэд багтаадаг байжээ.

Дэлхийн анхны тарималжуулсан мөөг бол Auricularia auricula юм. Уг мөөгийг МЭ 600 онд анх тарималжуулсан бөгөөд үүний дараагаар Flammulina velutipes (МЭ 800), Lentinula edodes (МЭ 1000) зэрэг мөөгийг тариалж эхэлжээ. Мөөгний тариалалтын жинхэнэ хөгжил нь 1600-аад онд Францад Agaricus bisporus (цагаан товчин мөөг)-ийг анх удаа тарималжуулснаар эхэлж, дараа нь 1900-аад онд АНУ-д Pleurotus spp.  төрлийн мөөгийг тарималжуулснаар үргэлжилсэн байна.

Өнөө үед ойролцоогоор 35 зүйлийн мөөгийг тарималжуулсан бөгөөд 20 орчим зүйл нь үйлдвэрлэлийн түвшинд тариалагдаж байна. Agaricus bisporus буюу шампинион нь дэлхийд хамгийн их тариалагддаг мөөг бөгөөд дэлхийн хүнсний мөөгний зах зээлийн 35 гаруй хувийг эзэлдэг. Agaricus bisporus нь Евроази болон Хойд Америкийн бүс нутгаар өргөн тархсан, дэлхийн 70 гаруй оронд тариалагддаг. Тус мөөгийг анх 1630 – аад онд Франц улсын Парис хотын ойролцоох хаягдсан уурхайн цооногт тарималжуулах оролдлого хийснээр тариалах эхлэл тавигдсан гэж үздэг.

Ерөнхийдөө шампинионыг өнгөний хувьд цагаан ба бор гэсэн хоёр үндсэн төрөлд ангилдаг.

Тариалалтаараа хоёрдугаар байранд ордог Lentinula edodes буюу шийтаке мөөг нь дэлхийн зах зээлийн 25 хувийг эзэлдэг бөгөөд анхилуун үнэр, махлаг бүтцээрээ алдартай. МЭ 1100 оны Хятадын Сүн гүрний үед нэгэн хүн ойд унасан модонд ургасан шийтаке мөөгийг ажиглаж, модыг цохиж үзэхэд хэдэн хоногийн дараа модыг бүрхэн мөөг ургасан нь түүнийг гайхшируулжээ. Энэ явдал нь шийтаке мөөгийг зохиомлоор ургуулах аргын эхлэл болсон гэж үздэг.

Pleurotus ostreatus буюу хясаан мөөгийг анх Дэлхийн I дайны үеэр Герман улсад хүнсний хомсдолыг нөхөх зорилгоор тарьж эхэлсэн. Энэхүү мөөг нь өргөн температурт ургах чадвартай, харьцангуй өндөр чийгшилд тэсвэртэй, CO2-ийн өндөр түвшнийг даах чадвартай, нарийн төвөгтэй хянагдсан орчны нөхцөлийг шаарддаггүй, тариалахад хялбар тул анхлан тариалж буй хүмүүст тохиромжтой.

 

Ном зүй

Funda Atila, M. N. (2017). The nutritional and medical benefits of agaricus bisporus : a review. Journal of Microbiology, Biotechnology and Food Science, 281-286.

Jeyaprabha, M. S. (2025). Button Mushroom Farming: A Critical Review. Archives of Current Research International, 653-661.

MushWorld. (2005). Mushroom Growers’ Handbook 2: Shiitake Cultivation. Korea: MushWorld.

Stamets, P. (2000). Growing Gourmet and Medicinal Mushrooms. Ten Speed Press.


Бусад мэдээлэл