Үндсэн агуулга руу

Бидний тухай

Захирлын мэндчилгээ

 Эрхэм та ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн цахим хуудсанд тавтай морилно уу.

 Монгол Улсад ботаникийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, ургамлын олон янз байдлыг хадгалах, нөөцийг тогтвортой ашиглах хамгаалах шинжлэх ухааны үндэслэл боловсруулан төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнг үйлдвэр, үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэдэг 50-иад жилийн түүхтэй эрдмийн хамт олны өмнөөс мэндчилье.

Тус хүрээлэн нь 1974 онд байгуулагдсан Монгол орны ургамлын олон янз байдлыг судлах, хамгаалах, түүний генийн санг хадгалах, экологи-биологи онцлогийг эд, эс, бодгаль, популяци, экосистемийн түвшинд явуулж, ашигт ургамлын нөөц тогтоох, түүнийг зохистой ашиглах, нөөцийг нэмэгдүүлэх шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагааг эрхлэн явуулах чиг үүрэг бүхий төсвийн эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллага юм.

Манай эрдмийн хамт олон ботаникийн шинжлэх ухааны  орчин үеийн судалгааны чиглэлүүдийг хөгжүүлэхдээ уламжлалт болон шинэ дэвшилтэт технологийг  хослуулан,  шинэ мэдлэгийг бий болгох, байгаль орчин, ногоон хөгжлийн оновчтой бодлого, инновацийг нэвтрүүлэх замаар Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангуулахад чиглэсэн эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

Та бүхэн энэхүү цахим хуудаснаа тус хүрээлэнгийн судалгааны чиглэл, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, гарган авсан бүтээгдэхүүний талаар болон үе үеийн эрдэмтэн судлаачдын цуврал бүтээлүүдтэй танилцах боломжтой. 

Монгол орны байгаль орчин, ногоон хөгжил, ургамлын олон янз байдлын хамгаалал, тэдгээрийн нөөц баялгийг зохистой ашиглах зэрэг улс орны өмнө тулгамдсан олон талт асуудлыг шийдвэрлэх чиглэлээр төр, захиргаа, хувийн хэвшил, олон улсын болон гадаадын байгууллагуудтай хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй байх болно.

Энэхүү цахим хуудас нь та бидний мэдлэг, мэдээллийг солилцох хамтын ажиллагааны талбар болно гэдэгт итгэлтэй байна.

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D),дэд профессор И.Түвшинтогтох