Үндсэн агуулга руу

Бидний тухай

Ч. Санчир

Түүхэн намтар

Монгол улсын ургамлын ангилалзүйч нэрт эрдэмтэн ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн Ургамлын цуглуулгын санг үүсгэн байгуулагчдын нэг, доктор, профессор Ч.Санчир нь Өвөр Монголын Зүүн үзэмчин хошууны Хар товогийн хүр гэдэг газар 1940 онд мэндэлжээ.

Тэрбээр 1949-1953 онд Чойбалсан аймгийн Хэрлэнбаян сумын бага сургууль, 1953-1959 онд Чойбалсан хотын төвийн 10-н жилийн дунд сургуулийг тус тус төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд 1959-1963 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетын биологийн ангид суралцан биологийн багш-ургамал судлаач мэргэжлээр төгссөн байна.

1963 оноос ШУА-ийн Биологийн хүрээлэнд Ургамал, амьтан судлалын хэлтэст дээд ургамлын ангилалзүйн мэргэжилтнээр анх ажилд орж, 1976 оноос Ботаникийн хүрээлэнгийн Ургамлын ангилалзүйн секторын эрхлэгчээр, 1978-2010 онд эрдэм шинжилгээний ахлах, тэргүүлэх ажилтнаар ажиллаж байв.

Ч.Санчир 1974 онд хуучнаар ЗХУ-ын Ташкентын Их Сургуульд “Род Caragana Lam. (Систематика, география, экология, филогения и хозейственное значение)” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний, 1997 онд ОХУ-ын ШУА-ийн В.Л.Комаровын нэрэмжит Ботаникийн хүрээлэнд “Род Caragana Lam. (Систематика, экология, история развития и хозейственное значение)” сэдвээр биологийн шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан. 2000 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн дэд профессор, 2007 онд профессор цолын хүртжээ.

Доктор, профессор Ч.Санчир дэлхийн шинжлэх ухаанд гуурст ургамлын шинэ 22 зүйлээс гадна садан (sectio), зэргэлж (series), дэд зэргэлж (subseries), дэд зүйл (subspecies), хувирмал (varietas) хэлбэр (forma) зэрэг 120 гаруй жаг (taxon)-ийг ургамал судлалд анх оруулж гадаад, дотоодын эрдэм шинжилгээний ном, сэтгүүлд анх мэдээлсэнээр нээгч буюу зохиогчийн эрхийг хангасан гавъяатай эрдэмтэн юм.

Харгана (Caragana) төрлийн ургамлын ангилалзүй, тархац, гарал үүсэл, түүхэн хөгжил, түүний ангиллын системийг дэлхийн хэмжээнд шинэчлэн боловсруулахдаа зуугаад жилийн тэртээ академич В.Л.Комаровын дэвшүүлсэн онолын санаа, таамаглалд шүүмжлэлтэй хандаж харганын төрлийн үүслийн төв, зүйл үүссэн голомт нутаг, нүүдэл шилжилтийн асуудлыг эрс өөрөөр авч үзсэнд энэхүү ажлын гол ач холбогдол оршино. Мөн Хармаг (Nitraria), Зээргэнэ (Ephedra), Харгана (Caragana) зэрэг бут сөөг ургамлын зүйлийн бүрдлийг Ази, Төв Ази, Монголын хэмжээнд бүрэн тогтоожээ.

Бүтээлийн тойм

Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд Монгол орны бүх нутгаар аялж, 25,0 мянган хувь цуглуулга бүрдүүлж гадаад, дотоодын ургамлын санг баяжуулан тэрхүү арвин материалыг боловсруулсан ажлын дүнгээр нэг сэдэвт бүтээл 2, ном товхимол, сурах бичиг, эмхтгэл, гарын авлага, хамтын бүтээл 37, эрдэм шинжилгээний өгүүлэл, тэмдэглэл мэдээлэл 122-ыг нийтлүүлж, хянан тохиолдуулж ариутган шүүсэн 45, шинжлэх ухаан, танин мэдэхүйн нийтлэл, сурталчилгааны өгүүлэл 288-ыг олны хүртээл болгожээ.

Японы “JICA” нийгэмлэгийн шугамаар удаа дараагийн төсөлд оролцож “Монгол орны ашигт ургамлын зурагт лавлах” 2 боть (2003, 2005)-ыг Япон, Монгол хэлээр хэвлүүлсэн байна. Ч.Санчир нь эрдэм шинжилгээний ажилтан, багш, оюутан, сурагчид, холбогдох мэргэжилтэн нарын хэрэгцээнд зориулан “Улаанбаатар орчмын ургамал таних бичиг” (1972), “Определитель сосудистых растений Монголий” (1982), “Монгол орны замаг, мөөг, хаг, хөвд, үрт ургамал таних бичиг” (1985), “Монгол орны хадлан бэлчээр дэх тэжээлийн ургамал таних бичиг” (1985) тэргүүтнийг хэвлүүлэхэд зохиогчийн болон редакторын эрхтэй оролцсон байна. Бүх нийтийн боловсрол, хэрэглээнд тустай “БНМАУ-ын самар, жимс жимсгэнэ, хүнсний мөөгийн альбом” (1988), “Монголын үндэсний атлас” (2004), “Залуучуудын өврийн толь” (1983), “Монголчуудын түүх соёлын атлас” (2004), “Монголын хураангуй нэвтэрхий толь” (2000), “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” (1983, 1986, 1988, 2000), Монгол улсын “Улаан ном” (1987, 1997, 2013), “Богдхан уулын Улаан ном” (2008), “Монголын Ургамлын Улаан данс, 1-р цуврал” (2011), “Монгол хэлний тайлбар толь” (5 боть, 2008), Оксфорд Монсудар: “Англи-Монгол толь” (2007), “Britanica” ширээний нэвтэрхий толь (8 боть, 2011) тэргүүтнийг гаргахад зохиогч, редактораар ажиллажээ.

Гавъяа, шагнал

Доктор, профессор Ч.Санчир багшийн маань Дундад Ази, Төв Ази, Сибирь, Монголын ургамлын аймгийн судалгаанд хуримтлуулж цуглуулсан материал, бичиж нийтлүүлсэн бүтээл, шинэ олдвор, баримт мэдээ, дэвшүүлсэн онол, аргазүйн шинэ санаанууд нь тус орны ургамлын аймаг ангилалзүй, тэдгээрийн үүсэл, гарал удам төрлийн холбоо, үүсч хөгжсөн түүх, ургамал-газарзүйн мужлал, ургамал хамгааллын асуудлуудыг шийдвэрлэхэд болон залуу судлаачид бэлтгэх ажилд хувь нэмэр оруулсныг үнэлж баршгүй бөгөөд эдгээр ажлууд нь цаашид ч монгол орны ургамлын аймаг, ангилалзүйн судалгаанд үнэ цэнэтэй байх нь дамжиггүй юм. 

Доктор, профессор Чинбатын Санчирын ШУ-нд шинээр нээсэн зүйлүүд, шинэ нэршил