Д. Магсар
Түүхэн намтар
Д. Магсар 1948 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт малчин ард Дагвадоржийн гэр бүлд гурав дахь хүү нь болон мэндэлжээ. 1957-1967 онд Булган аймгийн төвийн дунд сургуулийг суралцан бага, дунд боловсрол эзэмшжээ. 1972 онд Хөдөө Аж Ахуйн Их сургуульд бэлчээр, тэжээлийн мэргэжилтэн мэргэжлээр төгссөн. 1970 оноос эхэлсэн Монгол-Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицэд (МОХБИБЭ) оюутан ахуйдаа оролцож байсан нь судалгааны ажлынх нь гараа байлаа.
Тэрбээр 1972-1973 онд Булган аймгийн захиргаанд мэргэжилтэн, 1973-1991 онд ШУА-ийн Биологи болон Ботаникийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, сектор лабораторийн эрхлэгч, 1991-1996 онд Ардын эмнэлгийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1996-1997 онд Уламжлалт анагаах ухаан, рашаан сувилалын үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, секторын эрхлэгч, 1997-2000 онд Уламжлалт анагаах ухааны төв болон уламжлалт анагаахын шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн корпорацид лабораторийн эрхлэгч, 2000-2002 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, лабораторийн эрхлэгч, 2002-2005 онд тус хүрээлэнгийн Ургамлын ресурс-интродукцийн лабораторийн “Ресурсын ажлын хэсэг”-ийн удирдагч зэрэг шинжлэх ухааны салбарт олон жил тасралтгүй ажилласан байна.
Д.Магсар 30 гаруй жил Монгол-Оросын биологийн иж бүхэн экспедиц (МОБХИБЭ)-д эрдэм шинжилгээний ажлыг биечлэн болон удирдан гүйцэтгэж, ойт хээрийн бүслүүрийн жижиг үетэнт бэлчээрийн талхагдалд үнэлгээ өгч, Монгол орны шүхэртэн овгийн ургамлын ангилалзүйн зарим асуудал, тэдгээрийн тархац, ач холбогдлыг судлан байгалийн эдийн засгийн (ашигт) ургамлын 20 орчим зүйлд тархац-байршил, 30-аад зүйл ургамлын нөөц баялгийг тогтоон Монгол хундгана, Өндөр зоосонцэцэг, Нарийннавчит жигд зэрэг 20-иод зүйл эх орны болон гадаадын гаралтай ховор, эм болон гоц ашигт ургамал тарималжуулан нутагшуулах агробиологийн сорилт туршилт-үйлдвэрлэлийн ажлыг төслийн хүрээнд удирдан шийдвэрлэсэн нь өдгөө онол-практикийн ач холбогдлоо өгсөөр байна.
Дэлхийн ургамлын аймагт 1968 онд шинээр тэмдэглэгдсэн Монгол орны унаган зүйл болох Монгол хундганыг тарималжуулах судалгааны ажилд өөрийн олон жилийн уйгагүй хөдөлмөрөө зориулсан ба ажлынхаа үр дүнгээр 1995 онд ШУА, МУИС-ын хамтарсан эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлөөр “Монгол хундганыг тарималжуулах биологийн шинжлэх ухааны үндэслэл” сэдвээр биологийн ухааны докторын (Ph.D) зэргийг амжилттай хамгаалсан.
Д.Магсар Монгол орны байгалийн ашигт ургамлын тархац нөөцийг тогтоох, тэдгээрийг тарималжуулах судалгаа тэр цаг үед идэвхтэй хийгдэж, тухайлбал эх орныхоо эмийн ургамлын эрэлт хэрэгцээг хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд ашигт ургамал тарималжуулах, нөхөн сэргээх чиглэлээр 1974-1985 онд Баянхонгор аймгийн Богд суман дахь “Говийн ашигт ургамал тарималжуулах станц”, 2000-2005 онд Булган аймгийн Дашинчилэн суман дахь “Ашигт ургамлын эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станц”-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулж, шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд томоохон бааз суурийг бий болгох үйлсэд тухайн салбарынхаа эрдэмтэн судлаач, хамт олныхоо хамтаар гар бие оролцжээ.
Тэрбээр мөн багагүй хугацаа, хичээл зүтгэл, мэдлэг оюунаа Уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлын салбарт зориулсан ба Монгол орны нөхцөлд ариутган анагааж засан залруулах үйлдэлтэй “Эмчилгээ сувилгааны цэцэрлэг” байгуулах ажлыг санаачлан “Сөгнөгөр” амралт, нэгдсэн II эмнэлэг зэрэг газруудад зохион байгуулсан билээ.
Д.Магсар “Байгалийн ашигт ургамлын биоэкологийн судалгаа” дэд сэдэвт ажлын удирдагч, Ботаникийн хүрээлэнгийн “Ашигт ургамлын эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн станц”-ын зөвлөх, Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн үндэсний хорооны гишүүн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай НҮБ-ийн конвенцийн үндэсний шинжлэх ухааны зөвлөлийн гишүүн, Мансууруулах эм бодисын зүй бус хэрэглээ, хууль бус эргэлтэнд хяналт тавих ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж байжээ.
Бүтээлийн тойм
Тэрбээр судалгааны онол практикийн үр дүнгээр “Монгол улсын Улаан ном (1987), (1997)”, “БНМАУ-ын жимс жимсгэнэ, хүнсний мөөгийн тархац, нөөцийн альбом” (1986)”, “БНМАУ-ын үндэсний атлас” (1990), “Хөвсгөл нутгийн зонхилох зэрлэг ашигт ургамал” (1985), “Ургамлын ертөнцийн өгөөж (1985)”, “Монгол орны Шүхэртэн овгийн ургамлын тодорхойлох бичиг” (1998), “Монгол орны Шүхэртэн овгийн ургамлын товч конспект” (1998)”, “Эмт бодас оноож таних арга (2002)”, “Ургамал судлал” (2003) зэрэг ном товхимол, сурах бичиг зэрэг бүтээл 10 гаруйг дагнан болон хамтран туурвиж, эрдэм шинжилгээний 40 гаруй, сурталчилгааны 80 орчим өгүүлэл нийтлүүлж олны хүртээл болгожээ. Түүнчлэн ном бүтээл 4-ийг хянан тохиолдуулж, стандарт 9, заавар зөвлөмж 6, лекц ярианы сэдэв 7, зураг схем, хичээлийн хөтөлбөр 65-г боловсруулан үйлдвэр практикт шилжүүлсний гадна эрдэм шинжилгээ, онол практикийн бага хуралд илтгэл 20 гаруйг хэлэлцүүлэн их, дээд сургуульд эмийн болон эдийн засгийн ургамал судлал хичээлүүдийг заан, эрдмийн болон докторын зэрэг горилсон 20 гаруй бүтээлд удирдагч хийгээд санал шүүмж өгсөн байна.
Түүний ном бүтээлүүд нь их дээд сургуулиудын сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, судлаачдын гарын авлага болдгоос гадна байгаль орчин, хөдөө аж ахуй, уламжлалт анагаах ухаан, хууль тогтоох байгууллагад ажиллагсдын лавлах материал, мөн шинжлэх ухааны салбарт танин мэдэхүйн болон онол практикийн өргөн ач холбогдолтой тулгуур материал болдог юм.
Тэрбээр өөрийн ухамсарт амьдралынхаа хугацаанд Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийх, тухайн салбарын төрийн бодлогыг тодорхойлох, түүний эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн олон талт үйл хэрэгт оролцож, өөрийн хувь нэмрийг оруулсан байна.
Д.Магсар 1976, 1979, 1980, 1985 онуудад хүрээлэн болон ШУА-ийн ажил хөдөлмөрийн уралдаанд шалгарч байсны дээр 1979 онд Улаанбаатар хотын (ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан) залуучуудаас “Нийслэлийн тэргүүний залуу”-гаар шалгарч байсан манай тэргүүний сэхээтнүүдийн нэг байв.
Түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтангадас” одон (2005), Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн медалиудаас (1991, 2001) гадна “Байгаль орчны тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” цол тэмдэг зэрэг салбарын шагналуудаар тус тус шагнажээ.
Уншсан бичиг хэрэг, ном өгүүлэлдээ заавал тэмдэглэл хөтлөж, дутуу орхисон зүйл болон өөрийн санааг бичдэг байсан нь түүний хувийн номын сангийн тамга бүхий ном товхимол, хэвлэлийн материалыг үзэхэд хангалттай харагддаг. Мөн аливаа албан бичиг хэрэг хөтлөх, тайлан, өгүүлэл, ном товхимол бичихдээ монгол хэлний баялаг санг харуулсан оновчтой үг хэллэг, хэлц үгийг зөв сонгон бичиг найруулга зүйг ягштал баримтлан цэг таслал бүрийг ч алдалгүйгээр хянаж, хэд дахин шалгаж нягталсны дараа эцсийн байдлаар хэвлэн хавтаслаж, гарын үсгээ зуран тус бүрийг архивлан хадгалдаг хувийн хариуцлага өндөртэй, нягт нямбай жинхэнэ эрдмийн болоод эх бичгийн хүн байлаа.
2005 онд түүний гавъяа, оюуны хөрөнгө оруулалт, нямбай тусч чанар, хичээл зүтгэлийг МЁЗС-ын олон улсын холбооноос үнэлэн “Бичиг ном, энэрэнгүй үйлсийн аугаа их хүн мөн” хэмээн дүгнэж “Мэргэн гүүши” олон улсын цолыг (гэрэгэ №4) олгож, Холбооны хүндэт цом дурсгасан юм.