Ургамлын ангилалзүй, фелогенетикийн лаборатори
Лабораторийн товч түүх:
Тус лаборатори нь анх 1961 онд ШУА байгуулагдахад тэр үеийн Байгалийн ухааны хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ургамал судлалын тасаг байгуулагдаж, дараа нь 1965 онд Биологийн хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Ургамлын ангилалзүй тасаг үүссэн түүхтэй. 1974 онд ШУА-ийн Ботаникийн хүрээлэн бие даан салахад, түүнд 4 сектор болгосны нэг нь “Ургамлын ангилалзүйн” сектор, түүний эрхлэгчээр нь доктор Ч.Санчир ажилласан байна. Тухайн үед секторын бүрэлдэхүүнд Н.Өлзийхутаг, Ө.Цогт нар болон эрдэм шинжилгээний дэд ажилтан, Э.Ганболд, Ц.Цэгмэд, дадлагажигч ажилтан Ш.Дариймаа, туслах ажилтан П.Цэплээ нар ажиллаж байжээ.
Монгол орны доод ба спор бүхий дээд ургамлын аймгийн судалгаа нь 1970-аад оноос эхэлсэн түүхтэй. Монгол орны замгийн зүйлийн бүрдлийг илрүүлэх судалгааг 1960-аад оноос А.Дулмаа, Ө.Цогт, Н.И.Дорофеюк, Н.Өлзийхутаг, Д.Цэцэгмаа, сүүлд Н.Сонинхишиг, Ц.Бөхчулуун нарын судлаачид; мөөгийн судалгааг 1936 онд Н.Л. Десяткин эхлүүлж, 1961 оноос хойш Т.Пунцаг, Г.Уранчимэг, Н.Хэрлэнчимэг, Г.Бүрэнбаатар нар үргэлжлүүлэн ангилалзүйн судалгааг хийсээр ирсэн.
Хагийн судалгаа 1905 оноос эхтэй бөгөөд түүнээс хойш О.Клемент, Р.Шуберт, Ц.Жамсран, Н.Өлзийхутаг, Н.С.Голубкова, Ө.Цогт, Л.Г.Бязров нар дагнан судалж их хэмжээний цуглуулга бүрдүүлсэн ба эдүгээ О.Энхтуяа, С.Жавхлан нарын судлаачид үргэлжлүүлэн судалгааг гүйцэтгэж байна. Монгол орны хөвдийн зүйлийн бүрдлийг тогтоох судалгаа тэртээ 1902 онд эхэлснээс хойш Ц.Даваажамц, Ө.Цогт, Н.Өлзийхутаг, О.Шуберт, А.Л.Абрамова, И.И.Абрамов, Ц.Цэгмэд, Э.Энхжаргал зэрэг судлаачид ихээхэн хувь нэмрээ оруулжээ (Ботаникийн хүрээлэн, 40 жил эмхэтгэл 2014).
Ургамлын аймаг, ангилалзүйн лабораторийн эрдэмтэн судлаачид анх Ботаникийн тасаг байгуулагдах цагаас эхлэн МОХБИБЭ-ийн бүрэлдэхүүнд идэвхтэй оролцон ажиллаж, оросын эрдэмтэн судлаачидтай хамтран хайгуул болон суурин судалгаануудыг явуулж, олон арван хамтарсан бүтээлүүдийг хэвлүүлсэн. Манай ахмад болон дунд үеийн эрдэмтэд гол төлөв орос багш нарын удирдлагаар нарийн мэргэшиж, докторын зэрэг хамгаалсан байдаг.
Сүүлд 2010 онд Ботаникийн хүрээлэнгийн бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэхэд тус лаборатори нь “Ургамлын аймаг, ангилалзүйн салбар” болон өргөжсөн билээ. Ургамлын аймаг, ангилалзүйн лабораториас өнгөрсөн хугацаанд Монголын ШУА ба ОХУ-ын Петрийн нэрэмжит Шинжлэх Ухаан, Урлагийн Академийн Академич 1, ШУ-ны гавъяат – 1, ШУ-ны тэргүүлэх ажилтан – 10, Биологийн шинжлэх ухааны доктор (Sc.D.) - 7, Биологийн ухааны доктор (Ph.D.) - 11, магистр - 10 төрсөн ба өдгөө аспирантурт гадаадад - 3 (БНХАУ, Польш), дотоодод - 4 суралцаж байна.
Ургамлын аймаг, ангилалзүйн лабораториос төрөн гарсан эрдэмтэд
№ |
Эрдэмтдийн нэр |
Хамгаалсан сэдэв |
Хамгаалсан он |
1 |
Надмидын Өлзийхутаг |
Ph.D – “БНМАУ-ын ортуузын төрлийн ургамал /ангилалзүй, газарзүй, экологи, тархац, ач холбогдол/” |
1974 |
2 |
Гончигийн Цэрэнбалжид |
Ph.D – “БНМАУ-ын Орхон, Сэлэнгийн газар тариалангийн районы хог ургамал, түүнийг устгах аргын биологийн үндэслэл” |
1974 |
3 |
Чинбатын Санчир |
Ph.D – “БНМАУ-ын Харганын зүйлүүд. Харганы төрлийн ургамлын ангилал зүй, гарал үүсэл” |
1974 |
4 |
Гэрэлийн Уранчимэг |
Ph.D – “Зарим мөөгөнцрөөр халдварлагдсан үр тарианы биохимийн өөрчлөлт” |
1975 |
5 |
Өлзийн Цогт |
Ph.D – “БНМАУ-ын хөрсний хаг” |
1976 |
6 |
Цогийн Цэгмэд |
Ph.D – “БНМАУ-ын Хангайн уулархаг нутгийн навчин хөвд” |
1983 |
7 |
Энэбишийн Ганболд |
Ph.D – “Хангайн районы ургамлын аймаг” |
1987 |
8 |
Надмидын Өлзийхутаг |
Sc.D – “БНМАУ-ын буурцагт ургамал: ангилалзүй, экологи, газарзүй, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол” |
1989 |
9 |
Өлзийн Цогт |
Sc.D – “БНМАУ-ын хаг ургамал” |
1990 |
10 |
Шагдарын Дариймаа |
Ph.D – “БНМАУ-ын шарилжийн төрлийн ургамал ангилал зүй тархац, экологи, аж ахуйн ач холбогдол” |
1990 |
11 |
Гончигийн Цэрэнбалжид |
Sc.D – “Монгол орны хөл газрын ургамал: ангилалзүйн бүрэлдэхүүн, биологи, экологи, географи, гарал үүсэл, үр жимс, үр аж ахуйн ач холбогдол” |
1996 |
12 |
Чинбатын Санчир |
Sc.D – “Харганын төрлийн ургамал. Ангилал зүй, орчин зүй, газар зүй, тархалт, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол” |
1997 |
13 |
Цогийн Цэгмэд |
Sc.D – “Монгол орны уулархаг нутгийн хөвдийн аймаг: (Монгол Алтай, Хангай, Хэнтий)” |
2000 |
14 |
Энэбишийн Ганболд |
Sc.D – “Умард Монголын ургамалын аймаг /Ангилалзүй, экологи, газарзүй, түүхэн хөгжил, аж ахуйн ач холбогдол/” |
2000 |
15 |
Очирбатын Энхтуяа |
Ph.D – “Богд Хан уулын хагийн аймаг (ангилалзүй, газарзүй, экологи, синузи ба индикаторын үүрэг)” |
2000 |
16 |
Шагдарын Дариймаа |
Sc.D – “Монгол орны Голгэсэртэнийн овгийн ургамал/ангилалзүй, газарзүй, экологи, тархац, ач холбогдол/” |
2003 |
17 |
Дашзэвэгийн Нямбаяр |
Ph.D – “Монгол орны өлөнтөн (Cyperaceae JUSS.) овгийн ангилалзүй” |
2011 |
18 |
Наранцэцэгийн Амартүвшин |
Ph.D – “Монгол орны Өмхий-өвсний (Peganum L.) төрлийн үр ба хөврөлийн морфологийн онцлог” |
2012 |
19 |
Магсарын Ургамал |
Ph.D – “Монгол орны Шүхэртэн (Umbelliferae Juss.) овгийн ургамал (ангилалзүй, экологи, тархалт, ач холбогдол)” |
2013 |
Лабораторийн үйл ажиллагааны чиглэл:
Дараах үндсэн чиглэлүүдээр судалгааны ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:
1. Ургамлын ангилалзүйн судалгаа
(Plant Systematic and Taxоnomy,
Phylogeny):
Монгол орны ургамал, мөөгийн аймгийн олон янз байдал, тэдгээрийн ангилал, зүйлийн нэгдсэн бүртгэл, нэршил, тархац байршил, болон тодорхой овог, төрлийн ангиллын системийг боловсруулж, гарал үүсэл, түүхэн хөгжлийн зарим асуудлыг шийдвэрлэх суурь судалгааг үндэсний хэмжээнд толгойлон гүйцэтгэж байна.
2. Ургамлын аймгийн олон янз байдлын судалгаа (Flora and Plant Diversity):
Энэ чиглэлийн хүрээнд Монгол орны ургамал, мөөгийн аймгийн нийт зүйлийн бүрдлийг жагсаан гарган, зүйл бүрийн дэлгэрэнгүй ойллого, нэршил, таних түлхүүр, ургах орчин, тархац, ач холбогдол зэрэг бүхий л шинжлэх ухааны мэдээллүүдийг нэгтгэсэн аливаа улс оронд хэвлэгдэн гардаг тухайн улсын “Монголын Ургамлын аймаг (гуурст ургамлын 24 дугаар)”, “Монголын Мөөгийн аймаг (4 дугаар)”, “Монгол орны Хаг (2 дугаар)”, “Монгол орны Замаг (15 дугаар)”, “Монгол орны Хөвд (3 дугаар)” гэх цуврал бүтээлүүдийг гагцхүү манай байгууллагын Ургамлын аймаг, ангилалзүй лабораторид туурвиж буй.
3. Зүйлийн ховордлын mөлөв байдлын судалгаа (Plant Conservation &
IUCN Red List):
Энэхүү судалгааны чиглэлийн хүрээнд Монгол орны ховор, эмзэг ургамлын Улаан дансны бүс нутгийн үнэлгээг тогтоон, тэдгээрийг хамгаалах төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Монгол орны ургамлын Улаан данс (2-р цуврал)”, “Монгол орны гуурсгүй ургамлын Улаан данс (3-р цуврал)” бүтээлийг бичиж хэвлүүлсэн. Ойрын үед Монгол улсын 1995 онд батлагдсан “Байгалийн ургамлын тухай хууль”-ийг шинэчилж, “Нэн ховор” болон “Ховор” ургамлын жагсаалтыг шинэчлэн гаргана. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооноос (ДБХХ)-ны олон улсын Улаан дансны аргачлалаар (IUCN Red List 2012) ховордлын зэрэглэлийг нь үнэлэн тогтоох ажил үргэлжлэх бөгөөд Монгол улсын ээлжит Улаан данс болон Улаан номуудыг цаашид бичиж хэвлүүлнэ.
4. “Монголын ургамлын цуглуулгын дижитал мэдээллийн сан” хөгжүүлэх (Digital Herbarium):
"Монгол орны байгалийн гуурст ургамал" болон “Замаг, Мөөг, Хаг, Хөвдийн бүлгүүдийн цуглуулгын дижитал мэдээллийн санг”-г олон улсын стандартад дагуу дижитал хэлбэрт оруулан холбогдох мэдээллүүдээр баяжуулан цаашид internet-online сүлжээ болон ГМС-д холбох ажлуудыг хийж байна.
Лабораторийн цаашдын зорилт:
Хэтийн зорилтуудыг дараах байдлаар томъёолж байна. Үүнд:
Зорилт 1. Ургамлын ангилалзүйн судалгаа (Монгол орны ургамлын аймгийн бүтэц бүрэлдэхүүнийг нягтлан нийт зүйлийн бүрдлийг шинэчлэн тогтоох, молекул генетикийн шинжлэх ухааны өнөөгийн ололтод тулгуурлан тодорхой овог, төрлүүдийн ангиллын системүүдийг боловсруулж, ангилалзүйн хувьд ээдрээтэй зүйлүүдийн гарал үүсэл, түүхэн хөгжлийн зарим асуудлыг шийдвэрлэнэ).
Зорилт 2. “Монголын Ургамлын аймаг” цуврал бүтээлүүд (Монгол орны мөөг болон ургамлын аймгийн флорын судалгааг гүйцэтгэж, “Монголын Ургамлын аймаг (Гуурст ургамлыг багтаасан 24 дугаар)”, “Монгол орны Мөөгийн аймаг (4 дугаар)”, “Монгол орны Хаг (2 дугаар)”, “Монгол орны Замаг (15 дугаар)”, “Монгол орны Хөвд (3 дугаар)” гэх цуврал бүтээлүүдийг бичиж хэвлэн олны хүртээл болгоно).
Зорилт 3. Тодорхой бүс нутгийн мөөг, ургамлын аймгийн судалгаа (Тодорхой бүс нутаг болон Тусгай Хамгаалалттай Газар нутгуудын ургамал, мөөгийн аймгийн судалгааг хийж, зүйлийн бүрдлийг тогтоож, төрөл зүйлүүдийн тархац-байршилыг тогтоон, ховордлын зэрэглэл, хамгааллын асуудлыг шийдвэрлэнэ).
Зорилт 4. Ургамлын төрөл зүйлийн хамгааллын статусын судалгаа (Монгол орны ховор, эмзэг ургамлын Улаан дансны бүс нутгийн үнэлгээг тогтоон, тэдгээрийг хамгаалах төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан “Монгол орны ургамлын Улаан данс (2-р цуврал)” бүтээлийг бичиж гаргана. Ойрын үед Монгол улсын 1995 онд батлагдсан “Байгалийн ургамлын тухай хууль”-ийг шинэчилж, “Нэн ховор” болон “Ховор” ургамлын жагсаалтыг шинэчлэн гаргана. Мөн Монгол улсын ээлжит Улаан данс болон Улаан номуудыг гаргана.)
Зорилт 5. “Монгол орны ургамлын аймгийн болон цуглуулгын дижитал мэдээллийн сан”-г хөгжүүлэх ("Монгол орны нэн ховор болон унаган, үлдвэр ургамлын мэдээллийн сан"-г бие даан үүсгэн байгуулж, холбогдох мэдээллүүдээр арвижуулна. "Монгол орны байгалийн ургамал" болон “Дээд ба Замаг, Мөөг, Хаг, Хөвд зэрэг бүлгүүдийн цуглуулгын мэдээллийн санг”-г нэгдсэн нэг стандартад оруулан internet-online сүлжээ болон ГМС-д холбох, холбогдох мэдээллүүдээр баяжуулах ажлуудыг үргэлжлүүлнэ. Мөн “Монгол орны Байгалийн ургамлын цуглуулгын Үндэсний дижитал сан”-г байгуулж хадгалалт, хамгаалалтыг сайжруулж улмаар нийт цуглуулгыг дижитал тоон хэлбэрт баркоджуулан оруулсанаар тус санг олон улсын жишигт хүргэн, интернет цахимаар олны нийтийн хүртээл болгоно.)