Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"МӨӨГ СУДЛАЛ-IV" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

"МӨӨГ СУДЛАЛ-IV" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ IV БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС), Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан "Мөөг судлал-IV" (MYCOLOGY-IV) Олон улсын эрдэм шинжилгээний IV бага хурал ХААИС-ийн Номын сангийн байрны хурлын танхимд 2026.04.17-нд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралд Монгол, Хятад, Орос, Япон, Энэтхэг, Судан, Пакистан, Нигери зэрэг орны эрдэмтэн судлаачид оролцож, биечлэн болон Zoom платформоор дамжуулан илтгэл тавьсан нь хурлын олон улсын хэмжээг харуулсан.
Хурлыг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, дэд профессор, доктор Д.Гүрбазар, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор С.Нямхишиг, Мал аж ахуйн технологийн хөгжлийн төвийн захирал, дэд профессор, доктор О.Баатарцогт нар нээж үг хэлсэн.
Хурал дараах хоёр үндсэн салбар хуралдаанаар явагдсан:
Нэгдүгээр салбар: Макромөөгний судалгаа Модератороор доктор, дэд профессор В.Энхчимэг. Энэхүү салбарт Agaricus arvensis, Tricholoma mongolicum, Pleurotus citrinopileatus зэрэг мөөгийг үржүүлэх шингэн тэжээлт орчны нөхцөлийг оновчтой болгох судалгаа, Ganoderma болон Inonotus hispidus мөөгний биохимийн шинжилгээ, Монголын психоактив мөөгний таксономийн тойм, мөөгний генийн санг хамгаалах асуудал зэрэг 13 илтгэл тавигдсан.
Хоёрдугаар салбар: Мөөгний аймгийн бусад организмууд Модератороор доктор Г.Бүрэнбаатар. Энэ салбарт Монголын говь-хээрийн ургамлаас ялгасан Alternaria төрлийн эндофит мөөг, Арбускул микоризын мөөг, Миксомицетийг биоиндикатороор ашиглах боломж, Монголын хуш ойн эко- ба эндофит мөөг, Монголын хаг ургамлын олон төрөл болон дасан зохицох онцлог, хуурай хээрийн хөрсний мөөгний судалгаа зэрэг 6 илтгэл хэлэлцүүлсэн.
Мөн постер илтгэлийн хэсэгт мөөгөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн, Монголын Pleurotus (хясаа) мөөгний төрлийн шинэ бүртгэл, Hericium erinaceus-ийн мицелийн өсөлт зэрэг 6 ажил танилцуулсан.
Гадаадаас дараах эрдэмтэд судалгааны үр дүнгээ хэлэлцүүлсэн:
• Хятадаас — Өвөр Монголын ХАА, Мал аж ахуйн шинжлэх ухааны академийн Haiyan Wang, Li Yajiao, Ding Zhiying нар
• Японоос — Яманаши их сургуулийн доктор Ryota Kataoka
• Энэтхэгээс — SKUAST-JAMMU их сургуулийн доктор Sachin Gupta
• Пакистанаас — Sindh-ийн ХАА-н газрын доктор Riaz Ahmed
• Суданаас — Wad Medani-гийн ХАА-н судалгааны корпорацийн Ahmed Khaled Hassa Mohammedali
• Нигериас — Холбооны ШУ, технологи, инновацийн яамны Wood Timipanipiri ThankGod
Энэхүү хурал нь Монголын мөөг судлалын салбарын эрдэмтдэд олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, судалгааны үр дүнгээ хуваалцах, шинжлэх ухааны болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх өргөн боломжийг олгосон ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Ялангуяа Монгол орны байгалийн мөөгний нөөц, эмийн мөөг, микориз, биотехнологийн хэрэглээ, сэтгэцэд нөлөөлөх мөөгний судалгаа зэрэг сэдвүүд анхаарлын төвд байв.
Хурлын илтгэлийн эмхэтгэл (Mycology-IV Proceedings, Ulaanbaatar, 2026) хэвлэгдэн гарч, оролцогчдод хүлээлгэн өгөв.


Бусад мэдээлэл