Нэн ховор, ховор ургамлын шинэчилсэн жагсаалтын төслийг хэлэлцлээ
Монгол Улсын нэн ховор, ховор ургамлын шинэчилсэн жагсаалтын төслийг танилцуулж, эрдэм шинжилгээний байгууллагуудын санал авах хэлэлцүүлэг 2026 оны 10 дугаар сарын 21-нд боллоо. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зохион байгуулсан уг уулзалтын хүрээнд ургамал, мөөг, хаг, замаг, хөвдийн нэн ховор болон ховор зүйлүүдийн шинэчилсэн жагсаалтын төслийг эрдэмтэн, судлаачдад танилцуулж, санал солилцсон байна.
Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн судлаачид салбар тус бүрийн жагсаалтыг танилцууллаа. Тодруулбал, гуурст ургамлын жагсаалтыг эрдэм шинжилгээний ахлах ажилтан М.Ургамал, мөөгний жагсаалтыг эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Хэрлэнчимэг, хагны жагсаалтыг эрдэм шинжилгээний ахлах ажилтан О.Энхтуяа, замагны жагсаалтыг эрдэм шинжилгээний ахлах ажилтан Н.Бөхчулуун, хөвдийн жагсаалтыг эрдэм шинжилгээний ажилтан Э.Энхжаргал нар тус тус танилцуулж, судалгааны үр дүнгээ хуваалцав.
Нэн ховор, ховор ургамлын шинэчилсэн жагсаалтыг 2012, 2019, 2020, 2021, 2023 онуудад олон улсын Улаан дансны ангилал, шалгуурын дагуу хийгдсэн үнэлгээний үр дүнд үндэслэн боловсруулж байгаа бөгөөд энэ нь 1995 оноос хойш хийгдэж буй анхны томоохон шинэчлэл болж байгаагаараа онцлог юм.
Урьдчилсан байдлаар шинэчилсэн жагсаалтын төсөлд 327 зүйлийн нэн ховор, 580 зүйлийн ховор ургамал, мөөг, хаг, замаг, хөвд хамрагдаад байна. Энэхүү шинэчлэл нь биологийн олон янз байдлыг хамгаалах, ховордсон зүйлүүдийн хамгааллын эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, цаашдын мониторинг, судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль гэх мэт байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож, жагсаалтад хамрагдсан зүйлүүдийн ангилал, хамгааллын зэрэглэл, тархац, нөөцийн талаарх мэдээллийг хэлэлцэн, нэмэлт тодруулга болон санал зөвлөмжүүдийг дэвшүүллээ.

Шинэчилсэн жагсаалтыг батлуулахын өмнө мэргэжлийн байгууллагуудын санал, зөвлөмжийг тусган сайжруулж, Монгол Улсын биологийн олон янз байдлыг хамгаалах бодлогын баримт бичигтэй уялдуулан эцэслэн боловсруулах юм.