БИЕ НЬ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР ТОМТОЙ АМЬТАН
БИЕ НЬ ЖИЖИГ Ч БЭЛЧЭЭР ТОМТОЙ АМЬТАН
2021.04.23 Мэдээ бэлтгэсэн: Б.Алтанзагас
Манай оронд 8 баг, 62 овог, 316 төрөлд хамаарах 737 зүйлийн ойн хөнөөлт шавж тэмдэглэгдсэнээс сибирийн хүр эрвээхэй, өрөөсгөл хүр эрвээхэй, бийрэн сүүлт эрвээхэй, якобсоны төөлүүрч эрвээхэй хэт олширч, голомтлон тархах давтамж богиносож, ойн экосистемд хөнөөл учруулах цар хүрээ сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна.
Өрөөсгөл хүр эрвээхэй – Ocneria disper Linn. Энэхүү эрвээхэйн эм нь эрээсээ биеэр том, цагаан шаргал, тослогдуу өнгөтэй, урд далавчиндаа долгиолог судалтай, бие гүйцсэн эр нь шаргалдуу бор саарал өнгөтэй, цоохор толботой.
Эрвээхэй жилд 1 удаа үржил явуулдаг. 8-р сарын сүүл, 9-р сарын эхээр эвцэлдээнд орж гэрэлтэй, наранд ээвэр хад чулуу, байшин барилга гэх мэт газарт бөөгнөрч, өндгөө шахдаг. 1 эрвээхэй дунджаар 400 ширхэг өндөг шахдаг. Өвөлжсөн өндөгнөөс хавар 5-р сарын 20-оос хүрэнцэр гарч, ойд тархаж навч, шилмүүсээр хооллож, 7-р сарын дундуур хүүхэлдэйлнэ.
Навч шилмүүсээр хооллогч өрөөсгөл хүр эрвээхэй нь навчит болон шилмүүст ой, уулархаг газар өргөн тархдаг. Шавжийн популяцийн тоо толгой нь олшролын дээд цэгтээ хүрсний дараа шимэгч, өвчин, хоол тэжээлийн төлөөх өрсөлдөөн зэрэг биологийн зохицуулалтын хүчин зүйлийн нөлөөнөөс гадна, байгалийн хүнд хатуу ширүүн нөхцөл гэнэт бий болж өөрчлөгдөхөд модны навч, шилмүүс унах, модны ургалт, өсөлт зогсох, мод хатаж үхэх зэрэг шалтгаанаас багасдаг.
Жилд хүрэнцэрүүд нь 5 км, зарим тохиолдолд 50 км хүртэл нүүж тархалтаа тэлдэг. Хүрэнцэр нь 5-6, заримдаа 7 шат дамждаг бөгөөд энэ үедээ хамгийн ховдог байх ба хөнөөл их учруулдаг.
Өрөөсгөл хүр эрвээхэй ихээр тархсан ойн модод нь хатаж ойн бүтээмжит чанараа алдаж үхдэг ба сэргэн ургах боломж маш бага байдаг. Түүнчлэн хүрэнцэр болон бие гүйцсэн эрвээхэйн үс, өндөгний бүрхүүлийн үсэнцэр нь хүний биед харшил өгдөг. Энэхүү хөнөөлт шавж нь бие жижигтэй ч хор хөнөөл ихтэй анхаарал татсан шавж юм.
Эх сурвалж:
Алтанзагас Б. 2014. Хөнөөлт шавжид нэрвэгдсэн шинэсэн ойн өөрчлөгдөл, нөхөн сэргээх боломж. Хөдөө аж ахуйн ухааны магистрын зэрэг горилсон бүтээл, ХААИС, 67.