Монголын ботаникийн цэцэрлэг
Ботаникийн цэцэрлэг нь эрдэм шинжилгээ, сургалт гэгээрэл, танин мэдэхүй, соёл амралтын нэгдсэн цогцолбор бөгөөд Монгол орны байгалийн болон гадаадын төрөл бүрийн гоёл чимэглэл, хүнс, эмийн ашигт, нэн ховор, ховор, унаган ургамлыг нутагшуулж, тарималжуулж, хамгаалах чиглэлээр иж бүрэн судалгаа явуулдаг.
Товч түүх: БНМАУ-ын СнЗ-ийн 1964 оны 2-р сарын 19-ны “Ботаникийн цэцэрлэг байгуулах тухай” 82-р тогтоол, 1975 онд БНМАУ-ын СнЗ-ийн 618-р тогтоолоор “Ботаникийн цэцэрлэгийг өргөтгөн байгуулах арга хэмжээний тухай” шийдвэр гарч Ботаникийн цэцэрлэгийг Амгаланд 32 га талбайд анх байгуулсан юм. Социализмын үед Ботаникийн цэцэрлэг байгуулахад улсаас ихээхэн анхаарч, Ботаникийн цэцэрлэгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хөрс, цаг уурын нөхцөл, байршил, аж ахуй болон барилга байгууламжийн талаар ШУА-ийн Ботаникийн хүрээлэн МЗБХИБЭ-ийн хамтран хийж боловсруулсан архитектур - төлөвлөлтийн даалгавар дээр тулгуурлан ЗХУ-ын /хуучнаар/ 10 боть тайлбар бичиг ажлын зургийн хамт боловсруулсан байна.
1975-1989 он хүртэл Ботаникийн цэцэрлэгт хамгаалалтын зурваст 3150 мод 50000 ширхэг бут сөөг, шинэсэн төгөлд 104, зайдмын баруун талын зурваст 72, үзмэрийн талбайд 80, нарсан аллейд 325, хусан төгөлд 224, долоогоны төгөлд 26, нийт 53980 ширхэг мод, сөөг ургуулсан. Энэ үед ногоон байгууламжаас гадна туршлага-үржүүлэг, бойжуулгын талбайд 33740 ширхэг ургамал ургаж, нийт дүнгээр интродукцийн ургамлын сан 87720 ширхэг модлог ургамал, 126 дэвсэгт цэцэг чимэглэлийн болоод олон наст өвслөг ургамал байсан.
Гэвч 1990-ээд оны зах зээлийн эдийн засагт шилжих хүнд жилүүдэд төрийн өмчит компаниуд дампуурч, төрийн өмч эзэнгүйдэх шуурга Ботаникийн цэцэрлэгийг тойроогүй дайрч, санхүүжилт болон бүтээн байгуулалт бүрэн зогссон юм. Энэ үед тарьсан ургамалд арчилгаа хийх үүрэгтэй техник ажилтан, цэцэрлэгчид нийт 20 гаруй орон тоог цомхотгож, зөвхөн 6 эрдэм шинжилгээний ажилтан үлдэж, судалгааны ажлаасаа хэтэрч чадаагүйн улмаас хамгаалалтын зурвас болон ногоон байгууламжинд ургаж байсан 90000 гаруй мод, сөөгний 90% хүн, малын нөлөөгөөр устаж үгүй болсон. Гэхдээ ажлаа гэсэн чин сэтгэлтэй үе үеийн эрдэмтэн, судлаачдын итгэл, сэтгэл, хичээл зүтгэлээр 100 хувь устгачихалгүй, Ботаникийн цэцэрлэгээ авч үлдэж, өнөөдрийг хүрснийг хэлэх нь зүйтэй.
2008 онд тухайн үеийн УИХ-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Э.Мөнх-Очир нарын дэмжлэгээр улсын хөгжлийн сангаас 500 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийгдсэн нь 1990 оноос хойших томоохон хөрөнгө оруулалт болсон билээ. Бид Ботаникийн цэцэрлэгийн төлөвлөлт, зургийг дахин шинэчилсэн. Төлөвлөлт ёсоор нийт 16,6 га талбайд иргэдийн амарч зугаалахад зориулсан ногоон бүс байгуулахаас 2008-2009 онд 8,2 га талбайд ногоон байгууламжийг зургийн дагуу байгуулсан юм. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд 19 овгийн 48 зүйлийн 29239 ширхэг мод, сөөг тарьж, 71940 ширхэг нэг наст цэцэг бүхий 3040 м2 цэцгийн мандлыг байгуулан, 20000 м2 талбайг шинээр хөрсжүүлж, зүлэгжүүлэн, 1 га талбайд усан оргилуур, сүүдрэвч, сандал, гэрэлтүүлэг бүхий Альпинарийг барьж байгуулсан юм. Түүнчлэн Цэцэрлэгийн нүүрэн талын 900 м хашааг /блокон суурьтай, төмөр/ шинээр барьж, баруун, зүүн, урд талын 1600 м хашааг сэргээн засварлаж, манаачийн байр, гэрэлтүүлэг бүхий үүдний хаягийг шинээр хийж, 8,2 га-д услалтын системийг шинээр суурилуулж, 1 гүний худаг шинээр гаргасан юм.
Бүтээн байгуулалтын үеэр /зүүн гар талаас УИХ-ын гишүүн Б.Эрдэнэсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Э.Мөнх-Очир, Ботаникийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Чанцалням нар/ Ботаникийн цэцэрлэгт, 2008 оны 5 дугаар сарын 11-ний өдөр
Зургаан эгнээ хамгаалалтын зурвас, бүтээн байгуулалтын өмнө 2008.05.09
Хамгаалалтын зурвас 2008 оны 8 дугаар сард
Ногоон байгууламжийн бүтээн байгуулалт 2008 оны 5 дугаар сард
Хусан төгөл, 2008 оны 8 дугаар сард
Зүлэгжүүлэх ажил, 2008 оны 6 дугаар сард
Ийнхүү 2008 онд бүтээн байгуулсан ногоон байгууламжийн арчилгааг манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд 2014 он хүртэл улсаас ямар ч арчилгааны зардал авахгүйгээр өөрсдөө арчилан ургуулсан юм.
Гэвч 2014 онд яг энэхүү ногоон байгууламжийн бүтээн байгуулалт хийсэн 8 га газрыг Япон-Монголын эмнэлэг барьж, Баянзүрх дүүргийн эмнэлгийн асуудлыг шийднэ хэмээн авч, улсын 500 сая төгрөг, бид нарын 7 жилийн нөр их хөдөлмөрийг салхинд хийсгэсэн дээ. Манай улсын төлөвлөлтгүй, хоорондоо уялдаагүй, нэг дарга гарч ирээд өмнөх ажлуудыг үгүйсгэдэг, шинийг эхлүүлдэг, тэр нь удалгүй замхардаг нийтлэг дүр зураг энэ дээ.
2019 онд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын дэмжлэгээр Ботаникийн цэцэрлэг бие даан үйл ажиллагаагаа явуулж, зураг төлөвлөлтөө шинэчлэн, бүтээн байгуулах ажлаа дахин эхлүүллээ.
Ботаникийн цэцэрлэг өнөөдөр: Ботаникийн цэцэрлэг нь нийт 18 га талбайтай, үүний 8 га нь үзүүлбэр буюу ногон байгууламжийн хэсэг, 10 га нь эрдэм шинжилгээ, туршилт судалгаа, үржүүлэг, бойжуулгын хэсэг байхаар ерөнхий төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажил:
Ботаникийн цэцэрлэгийн 10 га нь эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн талбай юм. Энд одоо 60 овог, 160 төрөлд хамаарах 370 гаруй зүйлийн 10547 ширхэг мод, сөөг, өвслөг ургаж байгаа нь Монгол оронд ургадаг нийт байгалийн ургамлын 12% болж байна. Улиас, Хус, Голтбор, Даланхальс, Тавилгана, Сарнай, Цахилдаг, Цээнэ, Сараана, Хумхаал, Сонгины төрөлжсөн цуглуулгыг бүрдүүлээд байна.
Ботаникийн цэцэрлэгийн эрдэм шинжилгээ, туршилтын талбай /Чимэглэлийн олон наст ургамлын цуглуулга/
Ботаникийн цэцэрлэгийн эрдэм шинжилгээ, туршилтын талбайд /Нэн ховор Алтайн сонгино/
Ботаникийн цэцэрлэгийн эрдэм шинжилгээ, туршилтын талбай /Голтборын цуглуулгын хэсэг/
Газраа хагалж боловсруулах нь нөр их ажил байдаг
Манай ангилалзүйч судлаачдын хийсэн олон улсын Улаан дансны шалгуур үнэлгээгээр манай орны нийт ургамлын гуравны нэг нь устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг гэсэн үнэлгээ авлаа. Монгол орны бэлчээрийн 70 гаруй хувь ямар нэгэн байдлаар доройтож, ургамлын олон янз байдал нэн хомсдож байгаа энэ үед бид Ботаникийн цэцэрлэгтээ Монгол орны өнцөг булан бүрээс 95 зүйл нэн ховор, ховор ургамлыг авчиран, ургуулан, үржүүлж байна. Энэ нь Монгол улсын Байгалийн ургамлын тухай хуулийн хавсралтанд орсон нэн ховор ургамлын болон БОАЖ-ын сайдын тушаалын хавсралтанд орсон ховор ургамлын 21,5%-ийг бүрдүүлж байгаа юм. Устаж байгаа ургамлуудыг аварч хойд үедээ үлдээх ажил нь зөвхөн эрдэмтэн судлаачдын биш “Биологийн олон янз байдлыг хамгаалах” олон улсын конвецид нэгдэн орсон бүх гишүүн орнуудын Засгийн Газрын үүрэг болоод байна. Биологийн олон янз байдлын тухай конвенцийг Монгол Улсын Их Хурал 1993 онд соёрхон баталснаар Монгол Улс тус конвенцид албан ёсоор нэгдэн орсон дэлхийн 30 дахь орон болсон юм.
Ботаникийн цэцэрлэгт ургуулж байгаа Монгол орны нэн ховор, унаган, устаж байгаа ургамал болох Монгол хундгана (Adonis mongolica)
Ботаникийн цэцэрлэгт амжилттай тарималжуулсан нэн ховор, эмийн ургамал болох Цагаан цээнэ (Paeonia lactiflora)
Ботаникийн цэцэрлэгт ургамлыг тарималжуулах, нутагшуулах, хот суурин газрын ногоон байгууламжинд ашиглах ургамлын зүйлийг шинэ таримал ургамлаар баяжуулах, тэдгээрийг үржүүлэх, гадаадын ба Монгол орны унаган, үлдвэр, нэн ховор, ховор, гоц ашигт, гоёл чимэглэлийн мод, сөөг, өвслөг ургамлын генофондыг амьд хэлбэрээр ex-situ нөхцөлд хадгалах, тэдгээрийн генийн санг хамгаалан баяжуулж, ногоон байгууламж, орчны доройтлыг нөхөн сэргээхэд дасан зохицсон сорт гаргах зорилготой интродукци-генетик-селекцийн судалгаа явуулж байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд
1. “Эмийн болон цайны ургамлын тархац, нөөцийн судалгаа, генийн санг хадгалсан тарималжуулалт, ашигт ургамлын плантаци” (2017-2019 онд) БОАЖЯ-ны захиалгат, ШУТС-ийн 67,5 сая төгрөгний санхүүжилттэй
2. “Монгол орны ховор, устаж болзошгүй ургамлын генийн санг хамгаалах интродукцийн үндэслэл” суурь судалгааны төсөл (2019-2022) – 31,2 сая төгрөг
3. “Эмийн болон хүнсний ашигт 6 зүйл ургамлыг тарималжуулах, эх ургамлын жишиг плантаци байгуулах” БОАЖЯ-ны 2019 оны гэрээт ажил – 28 сая төгрөг
4. “Монгол орны байгалийн ургамлын үрийн сан байгуулах” БОАЖЯ-ны 2020 оны гэрээт ажил – 20,0 сая төгрөг зэрэг улсын захиалга, санхүүжилттэй судалгааны төслүүдийг хэрэгжүүллээ.
Олон нийтэд зориулсан үзүүлбэр, танин мэдэхүй, ногоон байгууламжийн хэсэг:
Бүх Ботаникийн цэцэрлэгүүдийн үндсэн нэг хэсэг нь олон нийтэд зориулсан үзүүлбэр, танин мэдэхүй, ногоон байгууламж байдаг. Бид 8 га газрыг олон нийт, жуулчдад зориулсан Монгол орны ургамлын ертөнцийг танин мэдэх, экологийн боловсрол олгох, нийслэлийн иргэд амарч зугаалах ногоон байгууламж байхаар зураг төлөвлөлтийг хийгээд ажиллаж байна.
Энэ нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн нэг хэсэгт тооцогдож, хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаад явж байна. Энэ талбайд өнөөдрийн байдлаар 18 зүйлийн Шилмүүст, Навчит модны 1457 ш, чимэглэлийн сөөг 5372 ш нийтдээ 6829 ширхэг бодгаль ургамал ургаж байна. 2020 онд 6 төрлийн 306 ширхэг мод, сөөгийг шинээр тарьж, чимэглэлийн 2500 ширхэг ганц наст цэцгийн үрслэгийг шилжүүлэн суулгав.
Ботаникийн цэцэрлэгийн ногоон байгууламжийн хэсэг
Манай Ботаникийн цэцэрлэгт Баянзүрх дүүргийн цэцэрлэг, сургуулийн сурагчид багш нартайгаа ирж, мэргэжлийн хүмүүсийн яриа тайлбарыг сонсож, ургамлын ертөнцөөр аялж, салхинд гардаг болсонд бид баяртай байдаг.
Цэцэрлэгийн хүүхдүүд багш нарын хамт
Ботаникийн цэцэрлэгт оюутан залуус, 6 дугаар сард
Эрдэм шинжилгээний ажилтан Хишигсүрэн хүүхдүүдэд тайлбар хийж байгаа нь, 9 дүгээр сард
Гадаад хамтын ажиллагаа:
Өнөөдрийн байдлаар дэлхий дээр 3164 ботаникийн цэцэрлэгт байгууламжууд байдаг. Гадаадын улс орнууд “Үндэсний бахархал”, “Байгаль хамгааллын боловсрол, танин мэдэхүйн залгамж өв”, ”Ургамал хамгааллын стратегийн онцгой обьект”, “Байгалийн ургамал хамгааллын үндэсний төв”, “Байгалийн экомузей” зэрэг статустайгаар нийгэм, оюуны хөгжлийн чадамжаа илэрхийлдэг. Үүний 2500 нь Ботаникийн цэцэрлэг нэртэй байна. Тухайлбал, ОХУ 150, БНХАУ 200, Герман 138 Ботаникийн цэцэрлэгтэй. Харин Ботаникийн цэцэрлэггүй 16 улс (Африкийн ядуу буурай болон арлын жижиг улсууд) байдаг байна.
Английн Кью Ботаникийн цэцэрлэг нь 1759 онд байгуулагдсан, нийт -121 га-(300 acres) хамарч, жилдээ 1,35 сая хүнд үйлчилдэг, долоон сая зүйл ургамлын 30,000 амьд цуглуулга болон хатаамал гербаритай, 56 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалтай (www.
Байгуулагдсан он: 1759 он
Талбайн хэмжээ: 121 га
Жилд ирж үздэг хүний тоо: дунджаар 1,35 сая
Хүний нөөц: 650 эрдэм шинжилгээний ажилтантай.
Дэлхийд алдартай Английн Кью Ботаникийн цэцэрлэг
Япон улсын Койшигава Ботаникийн цэцэрлэг Берлин хотын Ботаникийн цэцэрлэг, музей
Манай Ботаникийн цэцэрлэг нь 2006 онд Олон улсын Ботаникийн цэцэрлэгүүдийн сүлжээнд албан ёсоор элсэж, олон улсад данстай болж, манай улс Ботаникийн цэцэрлэгтэй орнуудын тоонд багтсан юм.
ОХУ-ын Санкт-Петербургийн Ботаникийн хүрээлэн, Москва хотын Ерөнхий Ботаникийн цэцэрлэг, Новосибирск хотын Ботаникийн цэцэрлэг, БНХАУ-ын Бээжин хотын Ботаникийн цэцэрлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахын зэрэгцээ 30 гаруй орны 50-аад Ботаникийн цэцэрлэгтэй үрийн солилцоо хийж байна.