Монголын ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн болон Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэн хамтран ажиллах гэрээнд захирал, доктор (Sc.D), профессор И.Түвшинтогтох, дэд захирал, доктор (Ph.D) Yongfeng Yang нар 2025 оны 11 сарын 27-ны өдөр Бээжин хотноо гарын үсэг зурж, хамтын ажиллагааны гэрээг 4 дэх удаагаа сунгав
2003 оноос эхэлсэн хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 4 хамтарсан төсөл амжилттай хэрэгжүүлж, 2014 онд “Зүүн хойд Азийн бэлчээрийн ургамлын дасан зохицох, үйл ажиллагаа” сэдэвт олон улсын хамтарсан симпозиумыг Бээжин хотноо зохион байгуулсан. 2006 онд Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс манай хүрээлэнгийн Гербарийн санд 200 ширхэг гербарийн шүүгээ бэлэглэсэн. Манай хүрээлэнгээс Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд 1 судлаач докторын дараах судалгааны хөтөлбөрт, 3 судлаач докторын зэрэг хамгаалж, 2 судлаач докторын сургалтад үргэлжлүүлэн суралцаж байгаа бөгөөд 1 судлаач ANSO Visiting Scientist Fellowship хүрээнд ажиллаж байна. Түүнчлэн манай хүрээлэнгийн судлаачид 3 удаагийн богино хугацааны сургалтад хамрагдаж, эрдэмтэн солилцооны хөтөлбөрт Монгол талын судлаачид нийт 9 удаа, Хятад талын судлаачид нийт 6 удаа хамрагдаж, хамтарсан судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд олон улсын өндөр Impact Factor-тэй эрдэм шинжилгээний сэтгүүлд 30 гаруй хамтарсан өгүүлэл хэвлүүлээд байна.
Цаашид хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан шинэ судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх, доктор, магистрын сургалтын хөтөлбөрт хамрагдах судлаачдын тоог улам нэмэгдүүлэх, хамтарсан лаборатори байгуулах, олон улсын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлыг тогтмол зохион байгуулж байх талаар тохиролцлоо.
2009 он, хоёр хүрээлэн хамтын ажиллагааны гэрээгээ 2 дахь удаагаа сунгав, Бээжин хот

2025 оны 11 сарын 27-ны өдөр хоёр хүрээлэнгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа, Бээжин хот
2025 оны 11 сарын 27 Хятадын ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн музейтэй танилцав, Бээжин хот